Ярилцлага
​“Жазз хөгжимгүйгээр амьдралаа төсөөлж чадашгүй нь”

Цомог "Mongolian Song"
Зураг: © О. Амгалан, З. Энхмөнх

Эрхэмбаярын Энхжаргал буюу Энжи 1991 онд Улаанбаатар хотноо мэндэлсэн. Тэрээр Улаанбаатар дахь Гёте Хөгжмийн Танхим (GMUB) төслийн хамгийн анхны оюутнуудын нэг бөгөөд дараах ярилцлагаар залуу уран бүтээлч маань өөрийн урлагийн гараа, зорилго болоод жазз хөгжмийн талаар хуваалцлаа!

Энжи, чи GMUB төслийн хамгийн анхны оюутнуудын нэг нь. Яагаад энд суралцах болсон бэ?

GMUB-д сурах болсон маань тохиолдлын чанартай. Хөгжмийн шинэ төслийн талаар нэгэн танилаасаа дуулсан хэрэг. Надад төсөл маш онцгой санагдсан учир ур чадварын шалгалт өгч тэнцсэн юм.

Дараа нь юу болсон бэ?

Жазз хөгжмийн тал дээр харьцангуй туршлага багатай гэдгээ удалгүй ухаарсан. Өмнө нь дуу хөгжмийн багшийн чиглэлээр суралцаж төгссөн ба монгол ардын дуун дээр түлхүү ажиллаж байсан. Гэхдээ жазз хөгжимд шууд л дурласан гэж хэлж болно. Тэр үед Монголд жазз хөгжим цоо шинэ зүйл байсан болохоор урьд өмнө сонсож дуулж байсан зүйлсээс хамгийн их сонирхол татсан. Одоо бол жазз хөгжимгүйгээр амьдралаа төсөөлнө гэдэг хэцүү болжээ. GMUB-д орж суралцсан маань хувь зохиол байсан юм болов уу гэж бодож байна!

Энжи ДБЭТ-ын тайзнаа Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхимын хөгжимчдийн хамтаар Энжи ДБЭТ-ын тайзнаа Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхимын хөгжимчдийн хамтаар | Гэрэл зураг: © Базарсүхийн Рэнцэндорж GMUB чамд хэрхэн нөлөөлсөн бэ?

Би бусад оюутнуудтайгаа хамтдаа өдөр бүр суралцаж, хөгжиж байсан. Ингэснээрээ ч ихийг сурсан. Бараг долоо хоног бүр зочин багш нар дэлхийн өнцөг булан бүрээс ирж байлаа. Тэдний хөгжмийн зэмсэгтэйгээ хэрхэн харьцаж, хөгжмөөр дамжуулан мэдрэмжээ яаж илэрхийлж байгааг харах маш гайхалтай байсан ба би тэднээс маш их урам зориг авсан. Хувь хүний хувьд ч би асар их өөрчлөгдсөн. Дуучны хувиар тайзан дээр гарах мөч дахин давтагдашгүй байсан. Энэ мөчид би жинхэнэ өөрийнхөөрөө байж, эрх чөлөөг мэдэрдэг. Мартин багш маань надад үүнийг зааж сургасан.

Мартин Зенкер GMUB-г үндэслэн байгуулсан. Түүний хичээлийн арга барилын онцлог юу вэ?

Мартин хөгжимчний төдийгүй хувь хүний хувьд маш их үлгэр дуурайл үзүүлдэг. Багш маань бидэнд жазз хөгжмийн онолыг зааж сургахаас гадна  жазз хөгжим ямар их хүчтэйг таниулсан. “Хөгжмийг бүтээнэ гэдэг бүхэлдээ өөрт буй зүйлээ зориулах буюу өгөх” гэж Мартин багш үргэлж хэлдэг. Тайзан дээр сандрангуй зогсож байхад ч өөртөө итгэх ёстойг сургасан. Хэрэв хүн өөртөө итгэвэл бусдад өөрийгөө илэрхийлэхэд айх зүйл үгүй шүү дээ. Жазз хөгжмийн хамгийн сайхан нь хүн өөрийнхөө жинхэнэ мөн чанарт оршиж чаддагт байдаг.

GMUB-ын төсөл Монголын хөгжмийн салбарт ямар өөрчлөлт авчирсан бэ?

Маш их зүйлийг! Жишээлбэл үзэгчид гэхэд жазз хөгжмийг чих тавин анхааралтай сонсож, бидний тоглолтод тогтмол ирж байгаа нь урьд өмнөхөөс ялгаатай байна. Ялангуяа залуус жазз хөгжмийг улам бүр сонирхох болж, энэ гайхалтай хөгжим манай улсад улам хөгжиж байгаад би баяртай байна.

Энжи Мюнхений Хөгжим Театрын Их сургуулийн багш Анне Чиковскийн хамтаар тайзнаа Энжи Мюнхений Хөгжим Театрын Их сургуулийн багш Анне Чиковскийн хамтаар тайзнаа | Гэрэл зураг: © Базарсүхийн Рэнцэндорж Герман улсад амьдарч Мюнхений Урлагийн Их Сургуульд суралцаж байгаагаасаа хуваалцвал?

Мюнхен хотоос их сэдлийг олж байна! Үргэлж л хөл хөдөлгөөнтэй байдаг хот, хот шигээ оргилуун урлагийн сургуулийн авьяаслаг оюутнуудаас би ихийг сурч байна. Байерн мужийн уламжлал соёл их сэтгэл татам. Хүн ард нь ч гэсэн маш тусархаг, найрсаг хүмүүс юм!

Ирээдүйн зорилго чинь юу вэ?

Миний зорилго бол мэдээж цаашид жазз дуучин, уран бүтээлчийнхээ хувиар өөрийгөө хөгжүүлэх мөн мэргэжлээрээ ажиллах. Гэвч миний хамгийн том хүсэл бол юу сурч мэдсэнээ монголын жазз хөгжмийн шинэ үеийнхэнтэй хуваалцах юм. Ялангуяа GMUB-төслийн ачаар 2016 оноос бакалаврын түвшинд хичээллэх болсон жазз хөгжмийн оюутнуудад зааж сургахыг хүсэж байна. Маш олон мэргэжлийн хөгжимчдөөр хичээл заалгачхаад зөвхөн өөртөө тэр мэдлэгийг авч үлдэнэ гэвэл хувиа хичээсэн хэрэг болно шүү дээ. Монголын жазз хөгжмийн хөгжилд би өөрийн хувьд нэмрээ оруулж хөгжмийг гэх хайраа хүмүүст түгээхийг хүсэж байна!

Жазз хөгжмөөр суралцагчдад юу гэж зөвлөх вэ?

Давтах бас өөртөө итгэх гэсэн 2 зүйлийг л захимаар байна. Жазз хөгжимчний хувьд тууштай хичээллэх маш чухал. Хэрэв хүн аливааг үнэхээр сайн хийхийг хүсвэл өдөр бүр өөрийгөө сайжруулах хэрэгтэй. Тэгээд өөртөө бат итгэвэл юу ч чамайг зогсоож чадахгүй шүү дээ!

 

Enji CD ENJI: „Mongolian Song“ нь Э.Энхжаргалын хамгийн анхны CD юм | Design: Enja Records Эрхэмбаярын Энхжаргал буюу Энжи 1991 онд Улаанбаатар хотод төрсөн. Хөгжмийн багшийн мэргэжлээр сургуулиа дүүргэсний дараа Энжи Улаанбаатар дахь Гёте Хөгжмийн Танхим (GMUB)-д элсэн, анхны оюутнуудын нэг болжээ. Суралцаж байх хугацаандаа Монгол дахь Гёте-Институтэд герман хэлд шамдан суралцан, Герман улсад хэд хэдэн удаа хөл тавьж, уран бүтээлээсээ сонирхуулж байв. Тэрээр алдарт хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаагийн бүтээлүүдийг орчин үеийн жазз хөгжмийн хөг, хэлтэй хослуулах “Гончигсумлаа” төслийн хүрээнд өөрийн анхны “Mongolian Song” цомгоо дэлхийн нэр хүнд бүхий хөгжимчдийн хамтаар бүтээжээ. Цомгийн ажлыг Германы ENJA Records гардан гүйцэтгэсэн ба тус цомог 2017 оны 5-р сард сонсогчдын хүртээл болсон.Тэрээр өдгөө жазз дуулаач мэргэжлээр Мюнхений Хөгжим Театрын Их сургуульд мастерын зэргийг горилон суралцаж байна.

Ярилцлага авсан: Бен Рангник, Михаэль Хайнст.