Хадгалалт хамгаалалт
Номын санчийн ажлаар Зүүн Азийн орнуудад томилолтоор явсан тухай тэмдэглэл

Im Obergeschoss des Klosters Erdene Zou in der Mongolei befindet sich die Bibliothek.
Зураг: Райнхард Фэлдманн

Гёте Институт 2008 оноос эхлэн Хятад улсад дараагаар нь Зүүн Азийн орнуудад соёлын өвийг хадгалах хамгаалах, эртний хэвлэмэл номыг сэргээн засварлах талаар олон төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ үеэр Зүүн Азийн орнуудаас герман мэргэжилтнүүд хуран цугласан билээ. Мюнстер хотын их сургуулийн номын санч Райнхард Фэлдманн эхнээсээ л идэвхтэй оролцож ирсэн бөгөөд очсон газрынхаа сонинг  нийтлэлдээ  хуваалцсан юм.

Номын санч, өв хамгаалах чиглэлээр мэргэшсэн герман эр Хятад, зүүн Азийн орнуудад очоод цаас сэргээн засварлалтын  (“гар бичмэл”, “ном, судар” гэж ярьдаг) талаар илтгэл тавьж, сэдвийн дор сургалт явуулна гэх нь гайхал төрүүлж мэднэ.

Зүүн Азийг цаасыг бүтээсэн өлгий нутаг гэж хэлж болно. Чухам тэндээс цаас дэлхийд тархсан байгаа юм: Хятадад Христосын тооллын өмнөх 1-р зуунд  ордны тайган Цай Лунь анх цаас гарган авчээ. Хятадын цаас хийх технологи гурван зуун жилийн дараа соёл иргэншил өндөр хөгжсөн Солонгост уламжлагдан хүрч, харин 600-аад оны үед Японд дэлгэрсэн тухай баримт бий. Ийнхүү цаас хийх технологи азийн бусад орнуудад түгэн дэлгэрч, арабын худалдааны замаар дамжин араб-исламын соёлт ертөнцөд нэвтэрч Багдад, Дамаск, Кайро хотын их сургуульд хүрээд, дараагаар нь Испани, Каталон, Хойд Италиар дамжин 1390 он гэхэд Герман улсад орж ирсэн байна (Нюрнберг хотын цайзын дэргэдэх Штромерийн байгуулсан цаасны тээрэм).

Аялал бол бүтээгч хүч

Герман хүн гэхээрээ “Шар шувуугАфин луу аваачих”  угтаа бол  “Цаасыг анх үүссэн газар болох Хятад руу зөөх” хэрэг байна уу гэж бодохоор.  Ингэх хэрэг байхгүй ч үүнийг хийх өчнөөн шалтгаан бий. Нэг талаар аливаа зүйлийг олон өнцгөөс харахдаа ижил, ялгаатай талыг нь олж харах, тэр болгонд тохиох бэрхшээлийг даван туулахад алдах юм гэж юу байхав. Германчууд бидэнд гэхэд хятадуудаас сурах олон зүйл байна. Хятадууд аливаа нийгмийг хөгжүүлэх хөдөлгүүр нь мэдлэг боловсрол, тэрхүү мэдлэгийг түгээхэд номын сан чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг биднээс түрүүлэн  олоод харжээ. Олон ч байгууллагууд энэ үйлсэд  донор болж санаанд оромгүй богино хугацаанд судалгаа шинжилгээний болон нийтийн боловсролын байгууллагууд бий болж, номын сангуудыг өргөтгөжээ. Үүн дээр барууныхны нүдээр харахад үзэл суртлын ямар нэг нөлөөлөл (үгүй ядахнаа гадагшаа) мэдэгдэхгүй байгаа юм. Тун богино хугацаанд номын сангийн дэд бүтцийг бий болгож, барууны ижил төстэй  байгууллагуудтай харьцуулахад эн зэрэгцэхүйц болжээ.

Гуанжоу муж – Баруунд хүрэх хаалга

Сун Яат Сений нэрэмжит их сургуулийн сэргээн засварлалтын байранд: Хятадын гар бичмэлтэй цаасыг эвлүүлэн сэлбэн засах арга
Зураг: Райнхард Фэлдманн
Хятад барууныхны хоорондын харилцаа тэр бүр  ая таатай байсангүй.  19-р зуунд “Хар тамхины дайн”-аар  европын гүрнүүд  Хятадын боомт хот  руу  түрэмгийлэн дайрч байжээ.  Гэвч сүүлийн жилүүдэд тэр үеийн үндэстэн хоорондын  “солилцоо”-ны сайн талуудыг эргэн нэг харж эхэлсэнээр барууны өнгө аястай сургууль, номын сан нээгдсэн байна.
 
Одоо энд танилцуулагдаж байгаа төслүүд  анх 2008 онд Гуанжоу хотын (тухайн үеийн муж) Сун Яат  Сений нэрэмжит их сургууль дээр “Соёлын өвийг хамгаалах, дижитал хэлбэрт шилжүүлэх нь” сэдэвтэй хоёр өдрийн сургалтаар  эхэлж байсан бөгөөд агуулга нь нэлээд онол талдаа байлаа. Удаах жилүүдэд өвийг хамгаалах, цаасыг дангаар нь  сэргээн засах аргын талаар төдийгүй хадгалах нөхцөл шаардлагуудын  (тухайлбал агааржуулалт, хадгалалт, хайрцганд хийх)  талаар мэргэжил дээшлүүлэх цуврал  сургалт, үйл ажиллагаа зохиогджээ. Чингэхдээ дараах сэдвүүд  сургалтын  хөтөлбөрт оржээ: цаас сэргээн засварлах барууны технологи, сэлбэн засах аргачлал, бөс даавуун болон хагас ширэн хавтасуудыг сэргээн засварлах , хавтаслах техник,  шир боловсруулах тухай суурь,  үдэлт, форзац буюу эхний ба сүүлийн сул хуудас, нурууны туузыг засварлах, сайжруулах сэдэвтэй байлаа.  Энэ бүхнийг  “барууны ном”-нд хамааруулж ойлгох ба уг гарал нь хятадынх биш түүхэн ном  буюу 19-р зууны эхэн үеэс орчин үе хүртэл англи, герман, франц хэл дээр хэвлэгдсэн өрнөдийн ном бичвэр хадгалагдах хэсгийг хэлж байна. Сургалт, семинар, сургууль, боловсролын байгууллага, номын сангуудаар дамжуулан туршлага солилцох үйл хэрэг чухалд тооцогдож, нэн түрүүн номын сангийн үлдээсэн өвтэй холбогдох зүйлсийг үнэлж байлаа.

Сун Яат  Сений нэрэмжит их сургууль дээр: Эхний илтгэл дээр хоёр соёлын төстэй болон ялгаатай талын талаар бодож буйгаа болгоомжтой гэгч нь ярьж байна
Зураг: Райнхард Фэлдманн
Номын сан орчин үеийн сэргээн засварлах байртай, хятад гар бичмэл, хэвлэлийн мэргэшсэн сэргээн засварлагчидтай. Гагцхүү өдийг хүртэл европ зүгийн хэвлэлийг хэрхэхээ мэдэхгүй байлаа. Хятадад өрнөдийн хавтастай номыг сэлбэн засагч саяхныг хүртэл байсангүй. Номын цуглуулгыг  найдвартай газар  тохиромжтой температурт  хадгалж байгаа  ч  өмнө нь тохиромжгүй нөхцөлд  хадгалж байснаас үүдээд чамгүй хохирол амсжээ: цаас нь хугарамтгай болж, шавьж, мөөгөнцөр ул мөрөө үлдээсэн байлаа.  Даруйхан  сэргээн засах шаардлага тулгарав.

Үүний сацуу Сун Яат Сений нэрэмжит их сургуулийн (тус улсын томоохон их сургууль, бахархах зүйл арвин, эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлдэг Хятадын өмнөд нутагт байдаг) номын сангийн идэвх санаачлагатай удирдлага одоо байгаа мужын ном сэргээн засварлах төвөө өмнөд Хятадын бүс нутаг дахь төрөлжсөн сэргээн засварлах төв болгон өргөтгөх хүсэлтэй байгаагаа хэллээ. Энэ нь ч төлөвлөснөөсөө давж биежлээ:  2010 онд Сун Яат Сений  нэрэмжит их сургуулийн номын санд Хятадын төв номын сангаас “Үндэсний хэмжээний номын сэргээн засварлалт, хадгалан хамгаалалтын төв”-ийн  итгэмжлэл олгосноор өрнөдийн ном товхимлыг сэргээн засварлах, хадгалан хамгаалах сургалтыг бүх Хятад даяар явуулах цорын ганц эрхтэй боллоо. Хажуугаар нь хятад ном судрыг сэргээн засварлах сургалтуудыг зохион байгуулна. Хятад, Герман хоёр оронд ном хэвлэх арга технологи нь харилцан адилгүй байсан  тул хятад ном судрыг сэргээн засварлах тал дээр зарим нэг давуу тал гарч байлаа. Хятадад цаасны зөвхөн нэг тал дээр хэвлэдэг тул гэмтлийг засахдаа ихэнх тохиолдолд цаасны ар талын хүрээгээр (зураасаар) сэлбэн засаж болно.

Олон талт Зүүн Ази

“Европ”-ын соёл, түүхийн талаар бага ярьдагчлан “Зүүн Ази”-ийн улсуудыг ч нэг тогооны улсууд гэж бодох гээд байх тал бий. Үнэндээ бол бүгд өөрийн гэсэн соёл, зан заншил, өв уламжлал, түүхтэй. Иймд Гуанжоуд хийгдсэн ажлын талаар мэдээлэхээс гадна бусад орнуудыг товчхон аваад үзье.

Лам нарын амийг бүрэлгэсэн хэлмэгдүүлэлтийн үеэс тогтвортой ардчилал руу: Шилжилтийн  үе дэх Монгол улс

Эрдэнэ зуу хийдэд хадгалагдаж буй он цаг нь тодорхойгүй гар бичмэл
Зураг: Райнхард Фэлдманн
Эртний соёлын өлгий нутаг Монгол улс ээдрээтэй түүхийг  туулжээ: 1911 он хүртэл Манжийн дарлалд байв. 1911 онд Монголд нөлөөллөө бэхжүүлэх гэсэн оросуудын тусламжтай манжийн ноёрхолыг түлхэн унагаж, Монгол улс тусгаар тогтнолоо зарлажээ. 1917 онд Орост хаант засаглал нуран унаснаар Хятад улс цэргийн хүчээр Монголыг эзэрхийлжээ. Балтийн герман гаралтай Оросын армийн офицер Барон Унгерн фон Штернберг Хятадын гамин цэргийг бут цохин зайлуулж, хожим нь улаан армийн цэрэгт  хөөгдөн  Монголоос дүрвэн зугтсан байна. Монголын шашин, төрийн удирдагч Богд Жавзандамба хутагтыг  нас нөгчсөний дараа 1924 онд Бүгд Найрамдах улс байгуулагдсаныг тунхаглажээ (ийнхүү ахиад л Зөвлөлт улстай холбоотон болох нь тэр). Энэ холбоо нь 1990 он хүртэл үргэлжлэв.

Бүгд Найрамдах улс байгуулагдсан ч зарим нэг хуучин бүтэц хэвээр хадгалагдан үлджээ. Тухайлбал лам хуврагийн тогтолцоо Монголд нөлөө бүхий хүч байсаар байлаа.1936 оноос Зөвлөлт гүрний диктатор Сталин лам хуврагийг хомроглон устгах цадиггүй бодлого явуулснаар хэдэн арван мянгаар нь лам нарыг  хэлмэгдүүлэн хороож, шарын шашны бараг бүх хүрээ хийдийг татан буулгажээ. Лам нарын амийг бүрэлгэсэн төдийгүй сүм хийдийн  эд зүйлсийг системтэйгээр устган (юун түрүүн шашны зан үйлийн холбогдолтой эд зүйлс), номын санг галдан шатаасан нь шашны бурангуй ноёрхол гэгдээд байсан ламын ертөнцийн үзэл санаа, лам хуврагийн оюуны соёл эд өлгийн зүйлст нь хадгалагддаг гэж үзсэнээс үүдэлтэй. Үр дагавар нь их гарз хохирол, сэхээтний үхэл. Олон ч хүмүүстэй ярилцах явцад 1990 оноос хойш Энэтхэг, Төвдөд судалгаа хийж нөр их хичээл зүтгэл гаргасны үр дүнд бичгийн соёлоо сэргээн сурсан тухай мэдэж болно. Гэхдээ олон тооны ном судар (номын сан гэвэл арай их болчих болов уу)-ыг хадгалан үлдсэн, өөрөөр хэлбэл “аварчээ”. Чингэхдээ нуух, хөдөө айлд аваачих, нурангийн дор хийх эсхүл газарт булдаг байлаа (Булсан газрын нууцын чандлалыг эцгээс хүүд өвлүүлдэг байв).
Эхний танилцах семинарын дараа хэд хэдэн нарийн мэргэжлийн семинарыг Улаанбаатар хотын номын сангуудад, дараа нь орон даяар явууллаа. Энэ үеэр номын санг хариуцан үлдэх санчдад зориулсан олон заавар, зөвлөмжийг гаргасан юм. Гандан Тэгчинлэн хийдийн номын санч лам нар Германы ном сэргээн засах төвд очиж сурах боломж тохиосон юм.

Нэг соёлтой ч улс төрийн хувьд тусгаар улсууд: Хоёр Солонгос

Өмнөд Солонгосын номын сангууд, ном сэргээн засварлах төвүүд, ном цаасан хэвлэлийг сэлбэн засах мэргэшил олгодог дамжаа, сургалтын газарт  очиж үйл ажиллагаатай нь танилцах үеэр Пхеньян хот дахь Улсын судалгаа, шинжилгээний төв танхим (төв номын сантай дүйнэ)-д  илтгэл семинар явуулж мэргэжил нэгт нөхөддөө туршлагаасаа хуваалцах, нэн ялангуяа германы гэх шинэ технологийн талаар тайлбарлаж өгнө үү гэсэн хүсэлтийг надад ирүүлсэн юм. Юун түрүүн оптоэлектроникийн хэмжилтийн багаж, хүчлийг багасгах, агааржуулах техникийн талаар яриулна хэмээн бодсон байх л даа. Ном цаасан хэвлэлийг сэргээн засварлах төвийг өргөтгөх, шинэчлэх тухай тодорхой болоогүй хүсэл ч тэр дунд бас байлаа.

Энэ бүхнийг хэлэх нэг амар, хэрэгжүүлэх харин хэцүү. Сөүл Пхеньян хотоос  ердөө 150 км-ийн зайд оршдог ч хоёр улсын хил 1953 оны иргэний дайны (өдгөө хойд солонгост “ялалт”-ын баярыг  тэмдэглэдэг) төгсгөл үеэс Берлиний хана, 1961-1989 оны “фашистуудаас хамгаалах хана” шиг хаалттай байна. Гэсэн хэдий ч Зүүн Азийн хэргийг хамаарах Гёте институтын Сөүл дэхь институтын номын сан, мэдээлэл хариуцсан хэлтсийн ажилтнуудын уйгагүй оролдлого, туслалцаатай гурван ч удаа хил нэвтэрч семинар зохион байгуулсан юм. Энэ болгонд их ажил болж, саад тотгор учирч байсанд гайхах хэрэггүй байлаа. Бээжингээр дамжин онгоцоор очих, буцах нислэг л  хамгийн хүндрэл чирэгдэл багатай байв. Хойд Солонгост утас, интернэтийн холболт байдаггүй нь дээрхтэй харьцуулахад хүндрэлтэй зүйл юм.

Санасныг бодвол номын санд уур амьсгал тааламжтай байлаа: Нөхөрсөг хамт олон, зарим нэг үл итгэсэн аястай хэрсүү байрын мэргэжилтнүүд, маш сайн мэдээлэлтэй хүмүүс(сүүлд нь сайтар бэлтгэгдсэн тэдгээр мэргэжилтнүүд интернэт-д нууцаар  орох эсхүл нууц кодыг нь мэддэг болохыг хожим би мэдсэн юм). Гэхдээ л дэлхий ертөнцийн зарим нэг хэсгээс таслагдсан болохыг дутмаг мэдлэг, мэдээллээс нь уншиж болно. Хэдий тийм ч сонирхолтой яриа өрнүүлж, номыг сэргээн засах талаар онол, практикийн танилцуулах сургалтыг  зохион байгууллаа. Пхеньян хот дахь улсын судалгаа, шинжилгээний төв танхимын номын сэргээн засах төвийг өргөтгөх, шинэчлэх ажлыг төлөвлөсөн байсан ч дотоодын улс төрд өрнөж буй үйл явц, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахыг хориглосон зэргээс үүдэн харамсалтай нь зогсонги байдалд оржээ. Улс төрийн нөхцөл байдал жирийн номын санч, сэргээн засварлагчдын практик ажилд үлэмж ихээр нөлөөлсөн тухай таагүй жишээ юм даа.

Харь хэлээр ойлголцоход гардаг хүндрэл, бэрхшээлүүд даван туулах арга зам

Хэлмэрч орчуулагчид олон улсын хурал чуулган дээр нэр томьёог хэрхэн жонглёрдохыг үүнийг бичиж суугаа хүн бишрэн сууна. Ихэнх тохиолдолд орчуулсан үг хэллэг нь байгаа онохгүй тал бий: Хэлний хэрэглээний түвшинд төгс хэдий ч зарим үед мэргэжлийн нэр томьёог орчуулах тал дээр сайн мэдэхгүй. Тиймд презентацийг урьдчилан орчуулаад хоёр хэл дээр бэлддэг байлаа. Ийн цагаа хэмнэсэн ч (цаг бага үлдсэн тул) зарим нэг хүсэлтэд хариулах ярилцах боломж гардаггүй байлаа. “Massenentsäuerung im Lösemitteltränkverfahren” монгол хэлнээ ямар утга илэрхийлэх (Уусгагч бодисыг шингээх аргаар нийтэд нь саармагжуулах, идэвхгүйжүүлэх-Орч.), „Holzdeckeleinband“ (модон хавтас-Орч.) хятад хэлээр юу гэсэн үг болохыг, „Albertina-Kompresse“-г (ферменттэй бигнүүр-Орч.) солонгосоор хэрхэн орчуулахыг мэддэг хүн байхыг алийг тэр гэх вэ.

Сургалт семинарын үеэр гарч ирсэн ойлгоогүй мэргэжлийн үг хэллэгийг тэмдэглэж авах, мэргэжил нэгтнүүдтэй ярилцсан үг хэллэг, зураг, үзүүлэн, тайлбар зүүлт зэргээр тэмдэглэж авсан үгсийг нэгтгэх, системчлэн боловсронгуй болгох боломж тохиосон юм. Ямартай ч эртний соёлт орон Хятад, Германы номын санчид шинэ үгийн жагсаалтын орчуулгыг анхлан хийсэн бөгөөд 20, 21-р зууны “Лингва франка”-г  (олон хэлээр ярьдаг улсын албан ёсны хэл - Орч.) өргөжүүлсэн юм. Дараагаар нь солонгос, монгол, япон хэл дээр цаас сэргээн засварлалтын мэргэжлийн толь бичиг хэвлэгдлээ. Эхэндээ цөөн тоогоор хэвлэгдэж байсан бол хоёр дахь удаагийн хэвлэл нь зургаан хэл дээр хэвлэгдэж, олон электрон хувилбартай болоод байна.


 

Цаас сэргээн засварлалтын мэргэжлийн толь бичиг

Мэргэжлийн нэр томьёоны нэгдсэн ойлголт: Ausschnitt aus dem Glossar Bestandserhaltung
Зураг: Гёте Институт
Das Glossar Цаас сэргээн засварлалтын мэргэжлийн толь бичиг нь англи, герман, хятад , солонгос, монгол, япон хэл дээр 500 гаруй үг, хэллэгийг багтаажээ. Номын бүтэц, сэргээн засварлалтад шаардлагатай материал, багаж хэрэгсэл, номыг үдэн сэргээн засах гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Зарим нэг нэр томъёоны орчуулга тодорхой болоогүй тул зарим хэл дээр дутсан байгаа. Мэргэжлийн чиглэлээр нь эсвэл үсгийн дарааллаар  үгийг хайх боломжтой.  Хонг Конг дахь Гёте-Институтийн веб хуудас  Goethe-Instituts Hongkong - наас iBook,  EPUB, PDF хэлбэрээр татаж авч унших боломжтой.