Жазз
ENJI: „Mongolian Song“
Бремен хотноо зохион байгуулагдах jazzahead! үзэсгэлэнгийн өмнөхөн монгол дуучин Эрхэмбаярын Энхжаргалын „Mongolian Song” хэмээх цомог бэлэн боллоо. Энэхүү уран бүтээл нь Гончигсумлаа төслийн хүрээнд төрөн гарч байгаа бөгөөд монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн жазз хөгжимтэй хослуулжээ.
Von Michael Heinst
Тус цомог бий болсон нь Улаанбаатар дахь Гёте Хөгжмийн танхим (GMUB)-ын үүсэл хөгжил, барууны жазз хөгжимчид болоод монгол авъяастнуудын байнгын хамтын ажиллагаатай салшгүй холбоотой юм.
Гёте-Институтийн санаачилгаар С. Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежтэй хамтран Герман улсын басс хөгжимчин Мартин Зенкерийн удирлага дор GMUB төсөл нь хэрэгжин, жазз болон поп хөгжмийн сургалтыг Улаанбаатар хотноо анх удаа нэвтрүүлсэн билээ. Дуучин Эрхэмбаярын Энхжаргал нь GMUB-д анхлан суралцагчдын нэг юм.
GMUB төслийг хэрэгжүүлж буй Хөгжим бүжгийн коллеж нь монголын томоохон хөгжмийн зохиолчдын нэг, орчин цагийн хөгжмийг үндэслэгч гэгдэх С. Гончигсумлаагаар овоглогдсон юм.
Хөгжмийн зохиолч С. Гончигсумлаа агсны нэрээр нэрлэгдсэн энэхүү төслийг Мартин Зенкер нь 2015 онд буюу хөгжмийн зохиолчийн зуун насны ойгоор хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн жазз хөгжимтэй хослуулан, тэдгээрийн онцлогийг ижил хэмжээнд агуулсан хөгжмийн урсгалыг бий болгохыг зорьж байна.
Тогтооход хялбар байдаг онцлог шинжтэй монгол хөгжмийн аялгууг шинээр найруулж жазз хэв маягт оруулж байна. Ингэхдээ монгол дуунд төдийлөн ажиглагддаггүй хэмнэл бүхий элементийг оруулж өгдөг. Харин монгол хэв маягийг дуулах явцад түлхүү тодотгодог.
Хөгжмийн энэхүү хосолмол байдалд тус CD-ний онцлог чанар оршиж буй агаад энэхүү CD нь олон орны хөгжимчдийн бүтээлч шинжийг хадгалсан хамтын уран бүтээл болно.
Дуучин Эрхэмбаярын Энхжаргал нь GMUB-д эхний жилдээ суралцаж байна. Түүний дуулалт нь бүтээлч бие даасан чанар, оргилуун эрмэлзэл, хөгжмийг шууд илэрхийлэх зэрэг шинжээрээ ялгардаг. Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхимд суралцаж буй хугацаандаа тэрээр Жозелин Б. Смит, Фола Дада болон Натали Жон нарын багш нартай хамтран ажиллажээ.
Их Британийн төгөлдөр хуурч Паул Кирби нь Мартин Зенкертэй хамтран тус СD-ний найруулгыг хийжээ. Тэрээр 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Жазз хөгжмийн олон улсын фестивальд оролцсоноос гадна 2015 онд GMUB-д зочин багшаар ажиллажээ.
Иоханнес Эндерс нь Герман улсдаа хамгийн нэр хүндтэй жазз саксофончдын нэгт зүй ёсоор тооцогддог. Тэрээр Лайпциг хотын хөгжим театрын их сургуулийн профессор бөгөөд 2012 онд Echo Jazz шагналыг хүртсэн байна.
Билли Харт нь АНУ-аас гаралтай жазз бөмбөрчин юм. Тэрээр 700 гаруй CD бичихэд ажиллаж байсан асар их туршлагатай хөгжимчний хувиар уг альбум бүтэхэд хувь нэмрээ оруулжээ.
Мартин Зенкер нь Герман улсын басс хөгжимчин бөгөөд 2014 оноос хойш Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхимд төслийн зохицуулагч, удирдагч багшаар ажиллаж байна. Жазз хөгжмийн сургалтыг боловсруулж хэрэгжүүлэхэд байгуулсан түүний гавъяа их.