Юдит Шаланксий 1980 онд Грайфсвальд хотноо мэндэлсэн бөгөөд хэвлэлийн дизайн, урлагийн түүхч мэргэжлээр суралцсан. Түүний бүтээлүүд, тэр дундаа “Алслагдсан арлуудын атлас”, “Анаашны хүзүү” зэрэг амжилттай борлуулагдаж буй зохиолууд нь дэлхийн 20 хэлнээ орчуулагдаж, олон ч шагналыг хүртжээ. Тэрээр
“Байгаль судлал” цувралыг эрхлэн гаргадаг бөгөөд чөлөөт зохиолч, дизайнераар Берлин хотноо аж төрж буй.
"Алдагдсан зүйлийн жагсаалт"
Юм бүхэн он цагийн аяс эсвэл хэн нэгний хүслээр эвдэрч сүйдэн ор мөргүйд алдардаг жамтай. Ингээд бодохоор дэлхийн түүх ч бас нэг ёсондоо алдагдан одсон түм буман зүйлийн цуглуулга гэлтэй. Зохиолч Юдит Шаланский баларсан мөр, замхарсан цуурай, домог хууч хийгээд дам яриа, тодорхойгүй гурван цэг, үгүй болсон эд эрхтэн өвдөн шаналгасаар байхын зовуурь гэхчлэн алдагдсан зүйлсээс үлдсэн бүхэнд энэхүү түүврээ зориулжээ.Сапфогийн дууллуудаас эхлээд буулгаж нураагдсан Улсын төв ордон, устаж үгүй болсон барын нэг төрөл, Номхон далайд ор мөргүй живсэн арал гэхчлэн байгаль хийгээд хүний гараар бүтсэн ч өдгөө үгүйрч, хоосонд хальсан, алдагдсан зүйлсийн тухай нэгэн жагсаалт үйлдсэн нь энэ буй. Эрт балрын хууч яриа илэрхийлэн дамжуулж чадалгүй гацсан нь энэхүү жагсаалтад өгөөжөө өгч, өгүүлэн хүүрнэх чөлөөт орон зай, хүч чадлыг нь цэцэглүүлжээ. Эдгээр өгүүллэгийн баатрууд цөмөөрөө мөнх бустай, мартагдах гэгчтэй тэмцэлдэх нөгөө ертөнцийн оршин суугчид аж: Тессин дэх цэцэрлэгт хүрээлэндээ хүн төрөлхтний мэдлэгийн санг хурааж овоолсон настай эр, туурь балгас зурж, огт байгаагүй өнгө төрхтэйгөөр өнгөрсөн цагийг амилуулан бүтээх зураач эр, Манхэттэний гудмаар хэрэн хэсэж, би чухам хэзээ үхсэн юм бол оо хэмээн өөрөөсөө асуух өтөлж яваа жүжигчин Грета Гарбо, өдгөө түүхийн хуудаснаас арчигдсан Ардчилсан Германд өнгөрүүлсэн бага насаа эрэн мөшгөж яваа зохиолч Шаланский өөрөө.
Ийнхүү энэ ном эрэх, хайх, алдах ба олохын тухай өгүүлэхийн хамт аливаа зүйл ой дурсамжид оршсоор буй цагт энэ ертөнцөд амьдрах хийгээд амьдрахгүйн хооронд зөрүү ялгаа үгүйг батлан харуулна. Хадгалж хамгаалах ба устган сүйтгэх, алдах ба бүтээн цогцлоохын хооронд тун өчүүхэн зай буйг мэдрүүлэх гайхамшигт бүтээл энэ ажгуу.